
Хөх толбот эр хүн та хаана байна.
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн та хаана байна.
Хазаар даран тэмүүлсэн хатир жолоо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх монгол эр хүн та хаана байна.
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүлгийнхээ дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагийн харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу монгол эр хүн хаана байнаа та.
Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээж
Гартаа илд барьсан өдгөдийн удам эр хүн та хаана байна
Цал буурал аавийнхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр
Цовоо хонгор үрсийнхээ сэтгэл мөнхөрсөн эцэг хүн та хаана байна.
Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
Ханат гэрийн хойморт залрах шүтээн
Эр хүн та хаана байна
Асгат өндөр сарьдгийн оргилд гөрөөлсөн анчин
Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
Цэцэн буу мөрлөж нүд цавчаагүй хилчин
Цагийн саалтанд мөхөөгүй алтан ургийн залгамж эр хүн та хаана байна.
Бөртэ чүнын уянгат улилтын үргэлжлэл
Богд Чингис хааны удам залгасан ураг
Хатан Мандухай эхийн хэвлийд торнисон үр
Хатан зоригт монгол эр хүн та хаана байна
Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй
Зориг зүрх тэсвэр тэвчээр чинь хаана байна
Цуснаасаа үнэтэй нулимс үзүүлдэггүй
Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана байна
Эрдүү цээлхэн хоолойгоороо
"Эр бор харцагийг" аялж
Нүд алдам цэнхэр талыг уяраасан
Нүдэндээ хорвоог шинжсэн ухаан чинь хана байна
Эр хүн таныг эр хүн би хайлаа
Энэ нийгмийн талбараас эрэл тавьж би сурлаа
Эрсэн олзоо эндээс би оллоо
Элэг зүрх хоёртоо өөрйин эрхгүй харамслаа
Хөх толбот эр хүнийг
Хотын гудамжаас олсонгүй ээ
Өргөн цээжтэй ханхар эрийг
Өмссөн хувцаснаас нь би олсонгүй
Уртын дуугаа аялсан эр хүнийг
Уусан архиных нь лонхноос оллоо
Эрэл сурал болсон эр хүнийгээ би
Эрүүлжүүүлхийн өрөөнөөс оллоо
Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийгээ би
Таг харанхуй траншейн дотроос оллоо
Зориг зүрхтэй эр хүнийгээ би
Засаг эцгийн зовлон дотор би харлаа
Нулимсаа үзүүлдэггүй эр хүнийг би
Нус нулимсандаа хутгалдаж уйлж байхыг харлаа
Аугаа дайчин явсан өвгийнхөө удмыг
Агаар чийггүй мөрдөн дотор би үзлээ
Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан монгол эр хүн
Царай алдан харийн нутагт боол болсныг би үзлээ
Амьдралын төлөө хүний нутаг зорьсон эр хүний
Ард нь үлдсэн авгай хүүхэд нь ядарч гуниглахыг би үзлээ
Аль эртний африк тивийн боолын нйигэм шиг
Ажлын хүндийг нугалдаг хар арьст хүмүүс шиг
Монгол эр хүнийг минь бэлэгний морь шиг үнэлж
Махан бие, эрүү шүд, чийрэг чадвараар нь шинжэж
Бойнд явуулдаг тарган адуу шиг харьцаж
Боол болгохоор хүний нутаг руу зөөж байхыг харлаа
Гадаадад ажиллах хүч гаргах нэрийдлээр
Гал цогтой монгол эрийг минь аваад явчихыг би үзлээ
Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг
Хүн хүний нутгаас амьд ирсэн эр хүнийг
Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
Хөндүүрлэж өвдөг зүрх, эрүүл бус бие нь болохыг үзлээ
Морин дэл дээр хийсч явсан эр хүн
Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
Мал харахаараа айж зугтаадаг
Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө
Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол хүнийг
Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
Хуримын бөгж нь мултарч унахыг би үзлээ
Өргөө цагаан гэрийнхээ хойморт
Өлгий дотор сүүл хөхөж өссөн эр хүн
Өөх идэхгүй холестрин ихтэй гэж
Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа...
Алд биеэ алжаахаас айхгүй
Ахуй төрдөө зүтгэж явсан эр хүн
Ард түмэн байтугай хоёрхон алхмын цаадхыг харахгүй
Авилгалд живээд арчаагүй царайлахыг би үзлээ
Царайлаг монгол бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн
Царай алдан гуниглаж явахыг би хараад
Цөхөрч үзээгүй эр хүний минь тэсвэр тэвчээр
Цагийн саалтанд үгүй болсныг мэдэрлээ
Харамсаж байна аа би
Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож зажлахгүй
Өлбийсөн амьтад үр хойч минь болохвий гэсэн
Өгөөдэй хааны холч ухааныг би биширлээ
Хайж сурсан эр хүнээ би
Хар архины лонхон дотор нь би харлаа
Харь орны боолын хөдөлмөрөөс би оллоо
Харанхуй зовлонгийн хашаан дотор үзлээ
Эрээд сураад монгол эр хүнийгээ би
Энэ нийгмийн амьдралаас би оллоо
Элэг зүрхэндээ өөрийн эрхгүй харамслаа
Монголоо танихгүй морь унаж чадахгүй
Морин хуур тоглохгүй, монгол бичгээ мэдэхгүй
Харь орны хэлийг хагас дутуу залчисан
Хүүхэн шиг хүйстнийг харин би ихийг үзлээ
Сайхан эр хүн ховордсон гэдгийг
Санаа бодлоосоо нэхэн асууж
Салхи исгэрсэн хүйтэн шөнө
Сүнстэй хамтарч энэ шүлгээ бичвээ би.
No comments:
Post a Comment